The Universal House of Justice
Ridván 2003
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Гурав дахь жилийнхээ эхэнд Таван Жилийн Төлөвлөгөөний явц улам эрч хүчээ авч байгаа бөгөөд өнөөг хүртэл олсон ололт амжилтын жагсаалт энэхүү Төлөвлөгөөний өмнөх арван хоёр сарын төлөвлөгөөний амжилт бүтээлээс хавьгүй хол давж байна. Эрч хүч ийнхүү нэмэгдэн гаарч байгаа нь Төлөвлөгөөний бүрэлдэхүүн элементүүдийн хоорондын уялдаа холбоо улам бэхжсэнтэй холбоотой төдийгүй гариг дэлхийг бүрхсэн намжмал бус уур амьсгалын үр нөлөөтэй бас холбоотой юм.
Засаг захиргааны энэхүү шинэ жил эхлэх үеийн нөхцөл байдал нэгэн зэрэг туйлын эгзэгтэй, сорилт бэрхшээлээр дүүрэн боловч ач холбогдлын хувьд туйлын гайхалтай өвөрмөц байгаа юм. Өмнөх жилийн туршид хэд хэдэн цуврал хямрал тохиолдсон нь Ойрхи Дорнодод дайн дэгдсэнээр туйлдаа хүрсэн билээ. Энэ бүхэн нь шилжилтийн үймээн самуунд автаад буй, сүүлийн үеэс улам даяарчлагдах болсон нийгмийн хувьсал хөгжилд чухал нөлөө үзүүлээд зогсохгүй “Агуу Их Алдар”-ын нийгэмлэгийн хөгжилд ч хүчтэй түлхэц үзүүлэх болсон юм. Энэхүү шилжилтийн явцын цаг хугацаа, цар хүрээ, чиг хандлагыг урьдчилан таамаглах боломжгүй билээ. Ертөнцийг нөмрөн авсан үйл явдлын давалгаа юутай түргэн өөрчлөгдөж байсан билээ. Энэ бүхнээс үүссэн мөргөлдөөн манай Үйл хэргийн бүрэлдэн тогтсон түүхтэй нягт холбоотой улс орнуудад гарсан нь Бахаулла: “Дэлхий ертөнцийн тэнцвэрт байдал энэхүү нэн агуу, нэн шинэ Дэлхийн Эмх Журамын донсолгох нөлөөгөөр алдагдсан билээ” гэж айлдсныг өөрийн эрхгүй санагдуулж байна. Бахайн түүхийн өвөөр баян Ирак оронд энэхүү хямралт байдал бий болсон нь онцгой анхаарлыг татаж байгаа юм.
Ирак болоод дэлхий дахинаа буй болсон энэхүү нөхцөл байдлын улмаас учирч буй саад бэрхшээл нь нэг талаас Эрин Цагийн Бурханы Тодруулагч бүтэн арван жилийн турш амьдарч амьсгалж байсан нутгийн арвин их адислуулсан ч, үлэмж ихээр дарлагдан зовсон Бахайн нийгэмлэгийн түүхэнд шинэ хуудас нээгдэж байгаагийн дохиолол байж болох юм. Нөгөө талаас манай Шүтлэгийн Дэлхийн Төвд болох ёстой байсан Олон Улсын 9 дүгээр Чуулганы бэлтгэх ажлыг саатууллаа. Хэдийгээр энэ нь урам хугармаар явдал боловч үүнд гуньж гутрах зүйл үгүй билээ. Учир нь Бурханы Их Төлөвлөгөөний явц Түүний Бага Төлөвлөгөөний явцад саад учруулахад, Бурханы гайхамшигтай Үйл хэргийн ашиг сонирхлыг цаашид улам хөгжүүлэх үй түмэн боломж бололцоог бий болгох зам далдын хүчээр нээгдэх цагтаа нээгдэнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй билээ.
Бага Энх тайван бүрэлдэн тогтох явцад үүссэн сүүлийн үеийн зөрчил мөргөлдөөний улмаас тохиолдож буй гай гамшиг, зовлон зүдгүүр, айдас түгшүүр, сэтгэл тавгүйтэн мухардах явдлын нөлөөнд уй гашуудах, бухимдан эгдүүцэх явдал гариг дэлхийг нөмрөн авчээ. Дэлхий ертөнц даяар хүмүүс уур бухимдлаа илэрхийлэн олон нийтийн жагсаал цуглаан хийж байгааг анзаарахгүй байхын аргагүй юм. Ихэнх тохиолдолд тэд сэтгэлийн хөөрөлдөө автаж эсэргүүцлээ илэрхийлэн ийнхүү тэмцсэнээр олон нийтийн анхаарлыг татах замаар тухайн асуудлыг шийдвэрлэнэ хэмээн найдаж байгаа боловч энэхүү найдвар нь талаар өнгөрч, харин ч ингэснээр эмх замбараагүй, төөрөгдөн будилах байдалд улам гал нэмж байгаа юм. Бурханы анд нөхдийн хувьд гэвэл эдүгээ тохиолдож буй энэ бүх үйл явдлын учир начирыг тайлбарласан маш тодорхой тайлбар байгаа юм. Сэтгэл мухардаж, барьц алдах явдал дэлгэрч байгаагийн улмаас гарч буй бэрхшээлүүдийг даван туулахыг хүсвэл тэд Шүтлэгийнхээ хэтийн зөн, зарчим сургаалыг эргэн санах хэрэгтэй билээ. Тэд “Бахауллагийн Дэлхийн Эмх Журам” хэмээх номонд нийтлэгдсэн, ялангуяа “Дэлхийн шинэ Эмх Журамын зорилго”, “Америк ба Нэн Агуу Энх Тайван”, “Дэлхийн соёл иргэншил төлөвшихүй” гэсэн бүлгүүдэд орсон Шоги Эффендигийн захидлуудыг судалж үзсэнээр үүнтэй холбоотой Сургаалуудыг илүү гүнзгий ойлгон ухамсарлахыг хичээвэл зохино.
Дэлхий ертөнцийн үймээн самуун ийнхүү үргэлжилж байхад Таван Жилийн Төлөвлөгөөний явцад манай нийгэмлэг “хороо хороогоор нэгдэн орох” үйл явцыг урагшлуулах гол зорилгоо хэрэгжүүлэхэд аварга том үсрэлт хийх үйл ажиллагааны чадавхитэй болж чадлаа. Таван тив дэх манай Шүтлэгийн хөгжилд ийм урам зориг хайрлахуйц байдал бий болсон талаар бид 1 дүгээр сарын 17-ны захидалдаа дэлгэрэнгүй тэмдэглэсэн бөгөөд энэ захидлыг цаашид улам судлахыг та бүхэнд уриалж байна. Энд зөвхөн хэд хэдэн гол зүйлийг дурдъя. Улс орны газар нутгийг хэсэг нутгууд болгон хуваах ажил 179 оронд дууссан бөгөөд өргөжилтийн суурь болох 17 мянга орчим хэсэг нутгууд ийнхүү бий болсон юм. Хэсэг нутгийн хэмжээнд явагддаг эргэцүүлэх уулзалтууд институциуд болон нийгэмлэгүүдийн хооронд бодол санаа ба үйл ажиллагааг нэгтгэх хүчирхэг арга зам болж чадсан бөгөөд харилцан дэмжих уур амьсгалд байгууллагын болон хувь хүний санаачлагуудад түлхэц үзүүлсэн юм. Институтын үйл явц нь өргөжүүлэн бэхжүүлэх явцыг урагш түлхэх хөдөлгүүр болохын хувьд үр нөлөөгөө урьд урьдынхаас илүү тод томруун харуулж ирсэн байна. Үүний ачаар дэлхий даяар сургаал дэлгэрүүлэх ажил болон захиргааны ажилд идэвхтэй зүтгэн буй анд нөхдийн тоо байнга нэмэгдэж, тэд бадрангуй эрч хүч, хичээл зүтгэлээрээ бусдыгаа уриалан дуудаж байна. Түүгээр үл барам, хүүхэд, залуучууд нийгэмлэгийн хөтөлбөрүүдэд илүү системтэй оролцдог болсноос гадна Бахай бус хүмүүс сургалтын дугуйлан, мөргөлийн цуглаан, хүүхдийн хичээлд илүү олноороо оролцох болсон байна. Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш энэхүү богино хугацаанд урьд нь олон нийгэмлэгт тохиолдлын чанартай байсан эдгээр гурван цөм үйл ажиллагаа нь нийгэмлэгийн амьдралын тогтмол шинж чанар болж, бүр үржин олширсон байна. Энэ бол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хөдөлгөөнд орсон дэлхийн нийгэмлэгийн маань дүр царай юм.
Өнгөрсөн жилийн турш өсөлтийн энэхүү загвар Төлөвлөгөөний хэрэгжилтэд бат бөх үндсээ ургуулсны хажуугаар бусад чухал үйл явдлууд бас болж байлаа. Гадаад харилцааны талбарт Бахайн Олон Улсын Нийгэмлэгийн агентлагууд тоочихын аргагүй олон янзын үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд энэ бүхэн нийлээд гайхалтай үр дүнд хүргэснийг энд дурдахгүй өнгөрч болохгүй юм. Үүн дунд онцгой нэгэн үйл явдал болсон нь өнгөрсөн оны 4 дүгээр сард дэлхийн шашны удирдагч нарт бидний хандаж бичсэн илгээлт байсан юм. Энэхүү илгээлт нь дэлхий ертөнцөд энх амгалан байдлыг баталгаажуулахад туйлын чухал ач холбогдолтой асуудлуудад нийгмийн хамгийн нөлөө бүхий давхаргын анхаарлыг хандуулахад Бахайн нийгэмлэгийн баримталдаг арга барилд цоо шинэ боломж бололцоог нээсэн билээ. Бахайн Олон Улсын Нийгэмлэгийн дэргэдэх Олон нийтийн мэдээллийн албаны туслалцаа болоод Үндэсний Оюун Санааны Чуулгуудын түргэн шуурхай үйл ажиллагааны ачаар энэхүү илгээлтийг богинохон хугацаанд ертөнцийн өнцөг булан бүрт шашны нийгэмлэгүүдийн удирдагч болон бусад гишүүдэд түгээж чадсан юм. Энэ санаачилгын зорилго нь шашин шүтлэгээр гадуурхах явдал хүмүүний сайн сайхан аж байдалд улам ихээр заналхийлэх болсон тул энэ асуудлыг шашны удирдлагуудын зүгээс шийдвэрлэх онц шаардлага тавигдаж байгаад бүхий л холбогдох талуудын анхаарлыг татахад оршиж байгаа юм. Илгээлтийг хэрхэн хүлээн авч байсан байдлаас үзвэл энэхүү илгээлтийг нэлээд нухацтай харгалзан үзэж байгаа бөгөөд зарим газар энэ нь шашин хоорондын хамтын ажиллагааны талаар шинэлэг арга барил буй болоход ч нөлөөлсөн ажээ.
Нийгэм эдийн засгийн хөгжлийн салбарт гарсан хурдацтай ахиц дэвшил нь байгууллагын болон хувь хүний хүчин чармайлт нийгэмлэгийн дотоод хөгжил болоод бусадтай хамтран ажиллах үйл ажиллагаанд илүү гүн гүнзгий нөлөө үзүүлж байгаа нь гайхал бишрэлийг төрүүлж байна. Нийгэм эдийн засгийн хөгжлийн албаны мэдээлснээр Төлөвлөгөөний хоёр дахь жилд Бахайн үзэл баримтлалтай найман шинэ байгууллага байгуулагдаж, эмэгтэйчүүдийн хөгжил, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүүхдийн боловсрол, залуучуудыг чадавхижуулах зэрэг олон янзын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ажээ.
Харин Ариун Газар Бахауллагийн “Жавахирул-Асрар” хэмээн нэрлэгдсэн араб хэл дээрх илгээлт бичгийг англи хэл рүү орчуулан “Тэнгэрлэг нууцсын эрдэнэс” хэмээх нэрээр хэвлүүлжээ. Түүнчлэн Аккагийн шорон дахь Бахауллагийн өрөөг сэргээн засварлах ажил дуусч, шоронгийн дээд давхрын үлдсэн хэсгийг засварлах ажил эхэлсэн байна. Дараагийн мөргөлчлөлийн улирал 2003 оны 10 дугаар сараас эхлэх үеэр нэг бүлэгт байх мөргөлчдийн тоог 150-иас 200 болгон нэмэгдүүлэх юм.
Үүний сацуу Дэлхийн Төвд ажилладаг байгууллагуудын хөгжлийг дээшлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт ялангуяа Хукукуллагийн Итгэмжлэгдсэн сахиул, Бурханы Хэргийн Мутар Али Мухаммад Варгагийн удирдлага дор Хукукуллагийн институцийн хөгжил эрчимжсэнээс илэрхий байлаа. Мэргэн санаачилга, цуцалтгүй хөдөлмөрөөрөө Др. Варга нь хаа сайгүй амьдарч буй анд нөхдийг Хукукуллагийн хуулийн талаар боловсруулахад урам зориг хайрлаж байна. Энэхүү хуулийг бүх нийтээр даган мөрдөх болсноос хойш арван жилийн хугацаанд Хукукуллагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн үндэсний болон бүсийн зөвлөлүүдийн сүлжээ буй болж, улмаар тооны хувьд байнга өсөн нэмэгдэж буй орлогч, төлөөлөгчдийн үйлчилгээг зохицуулан, удирдан чиглүүлж ирсэн юм. Энэхүү агуу хуулийн талаарх мэдлэг өргөн тархаж, бүх тивийн нөхөд ариун бишрэлтэйгээр мөрдөж эхэлсэн бөгөөд энэхүү хуулийг дагаж мөрдөх замаар амлагдсан адис ивээлийг хараахан хүртэж чадаагүй байгаа анд нөхөд ч энэхүү дуудлагад хариу өгөх болов уу хэмээн Итгэмжлэгдсэн сахиул итгэн найдаж байгаа юм.
Дэлхийн Төв дэх байшин барилга, цэцэрлэгүүдийг зүй зохистой хэм хэмжээнд хадгалахын тулд санхүүгийн дэмжлэг онцгой шаардлагатай байгаа талаар бид зарласнаас хойш хоёр жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Дэлхийн Төвийг дэмжих Хандивын Сан байгуулагдсан билээ. Гэхдээ энэхүү Санд орж байгаа хандивын хэмжээ жилийн шаардлага хэрэгцээг хангахад хараахан хүрэлцэхгүй байна. Гэсэн хэдий ч бид цугласан хандиваас таван сая долларыг анх санаачилсны дагуу хөрөнгө оруулалтын орлогын эх үүсвэр болох хөрөнгийг бүрдүүлэхийн тулд тусгайлан хуваарилахаар шийдсэн юм. Ингэхдээ бид шаардлагатай урсгал зардлыг төлөхийн тулд Бахайн Олон Улсын Сангаас хөрөнгө авсан бөгөөд ингэхийн тулд бусад салбарт хийгдэх зарим үйл ажиллагааг зогсоосон юм.
Чилийн Үндэсний Оюун Санааны Чуулгаас гаргасан уриалгын хариуд Сантияго хотод баригдах Өмнөд Америкийн Эх Мөргөлийн ордоны нийт 185 зураг төслийн саналыг дэлхийн олон орны уран барилгач, дизайнерүүдээс хүлээн авсныг мэдээлэхэд туйлын баяртай байна. Эцсийн сонголтыг хийсэн даруйд та бүхэнд мэдээлэх болно.
Хайрт анд нөхөд өө. Ертөнцийн өнцөг булан бүрт гарсан ахиц дэвшлийг талархал дүүрэн нотлон гэрчлэхдээ бид эрин цаг үеийн шаардлага хэрэгцээг хангахад зориулагдсан Таван Жилийн Төлөвлөгөөний хүрээнд та бүхний гаргаж буй үнэнч тууштай зүтгэл Эрхэм дээд Эзэн тэнгэрийн маань тасралтгүй ивээл баталгааг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө тууштай хөдөлмөрлөж буй та бүхний хичээл зүтгэлийн үрээр Абха-н Гоо жавхлангийн адис хишиг, шинэ эрч хүчээр газар нутаг бүхэнд “хороо хороогоор нэгдэн орох” үйл явцад хүчирхэг түлхэц гарах болтугай.
- The Universal House of Justice